В.Түмэн- Өлзий
Өвөрмонголын одоогийн байдлыг хэрхэн таних вэ
(Япон дахь Монголчуудын уулзалтанд хийсэн илтгэлийн товчлол)
Төвд шиг биеээ шатаахгүй, уйгар шиг цусаа урсгахгүй байгаа болохоор өвөрлөгчид ууссан, эсэргүүцэл алга болсон гэх үзэл газар авч байна. Энэ үзлийг хамгийн түрүүнд биднийг колончлогич Хятад улс түгээн тараах дуртай юм. Энэ нь дотооддоо монголчуудын зоригийг мохоож, гадаад ертөнцөд “Өвөрмонголд байдал сайн байгаа”, монголчууд Хятад улсад сэтгэл зүрхээрээ дагасан гэсэн ойлголтыг бий болгож улмаар олон улсын дарамт шахалтаас зайлах гэсэн чанадын зорилготой юм. Энэ үзэлтийг манай холбоотон болох ёстой Төвд, Уйгарын хэсэг хүмүүс, зарим улс орон, манай монголчуудын хэсэг бүлэг ч хүлээн авах шинжтэй болж байна. Энэ бол хэт туйлширсан баримжаа юм. Онцгойлсон тодорхой цаг үегүй баримжаа юм. Амиа золиослох эсэхээр “Үндэстний асуудал” мөн бишийг тогтооно гэдэг нь Хятад дахь үндэстний асуудал, үндэстний зөрчилдөөн ямар хүнд хэцүү хэмжээнд хүрснийг гэрчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл Хятадын засаг төр нь цус урсгаж, амь эрсдэхээс наад талын асуудлыг хэрэг болгон анхаарч үзэхээ больсон гэсэн үг. Биеээ шатаах, цус урсгахыг тэмцлийн ганц хэлбэр болгон үзэж болохгүй бөгөөд энэ хэлбэр нь амжилт бүтэмжтэй хэлбэр гэж хараахан нотлогдоогүй юм гэдгийг ч бид санах ёстой. Өвөрмонгол хийгээд Уйгар, Төвд гурван орны нөхцөл байдал бол үндсэндээ их өөр юм. Хятадууд нэвтэрсэн он цаг, суурьшсан хэмжээ, Хятадтай хиллэх байдал өөр. Иймээс бидний тэмцлийн хэлбэр, үе шат өөр өөр байх нь ойлгомжтой. Бид өнөөгийн Төвд Уйгарын баримжаагаар үзээд Өвөрмонгол дууссан, монгол хүн тэмцлээ орхисон гэж дүгнэх бол түүхэн байдал, өнөөгийн нөхцөлд нийцэхгүй юм. Өвөрмонголчууд зэвсэгт тэмцлийг зуу гаруй жилийн өмнөөс эхлүүлж хагас зуун жил дамжсан. Мянга мянган хятадыг устгаж зуу зуун монгол залуус амь үрэгдсэн. Хятадыг устгасан тоог тоочвол өнөөгийн Төвд, Уйгартай жиших аргагүй. Үүний үр дүнгийн нэг нь өнөөгийн Монгол улс мэндэлсэн. Сайн тэмцсэний үрээр 1947 онд хуурмаг ч гэсэн “Өөртөө засах” нэртэй засаг захиргааны байгууламжтай хоцорсон. Тэмцсэний ачаар хэл соёл, нутгийнхаа ихэнхийг авч үлсэн юм. Бид өөрсдийгөө, өөрсдийн амжилт хийгээд түүхийг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Мөн 1947 оноос хойших “Тайван” цагт өвөрмонголчууд нутаг ус, хэл соёл, эрх ашгийнхаа төлөө адил бус хэлбэрээр цөхрөлтгүй тэмцсээр ирсэн юм. Үүний дүнд монгол сургууль, монгол хэвлэл, монгол үсэг минь байсаар байгаа билээ. Үүний төлөө бидний нэр усыг нь үл мэдэх тоогүй олон монголчууд хөлсөө урсган цусаа дуслуулж эрх чөлөөгөө булаалган амь насаа алдсан. Энэ бол манай үнэн түүх юм.
Төвд Уйгар шашин шүтдэг харин бид шүтэхээ больсон учраас ирээдүйгүй гэж дүгнэлт хийхийг оролдох хүн ч байдаг. Үүнд хоёр зүйлийг хэлье.
Нэгд. Бид шашнаа булаалгасан боловч шашны соёл нь байсаар. Яг л нүүдэллэхээ больсон ч нүүдэлчний соёл сэтгэлгээ байсаар байгаатай адил юм.
Хоёрт. Монголчууд бид Чингис гэсэн агуу дээдэстэй. “Үндэсний үзэл” бол дөрөвдэх шашин хэмээсэн өнөө цагт бид Чингис гэсэн шашинтай гэж хэлж болох юм. Чингисийн нэр дор монголчууд нэгдэх боломж хэзээ ч байна. Төвдүүд Далай ламын туг дор нийлж чадаж байгаа бол монголчууд агуу дээдсийнхээ туг дор нийлэн нэгдэж болох юм. Япон улсын Кансай оронд Чингисийн тахилга хийдэг болоод хэдэн жил болж байгаа нь маш сайн хэрэг. Харин Америкт 26-дахь жилдээ хийж байна. Тэнд орон бүхний монголчууд цугларан хоорондоо танилцдаг. 2013 оны Америк дэх Чингис хааны тахилга дээр хазаар, халимагийн төлөөлөгч колони орны монголчууд Монгол улсад нэгдэх асуудлыг дэвшүүлсэн нь Чингис туг доор бид нэгдэн нийлж болохын бэлэг тэмдэг, гэрч гэж үзэж болох юм.
Монголчуудын зүрх сэтгэл Хятад болоогүйг Японд болсон нэгэн явдлаас харж болно. Сургуулийнхаа бүртгэлд Өвөрмонгол оюутанууд өөрийгөө Хятад биш Монгол улсын иргэнд багтааж сонголт хийсэн явдлыг ФБ дээр бичиж байна. Монгол улс Хятадаас хамаагүй ядуу улс гэдгийг хэн ч мэднэ. Эрх чөлөөтэй Япон оронд хийсэн Өвөрмонгол оюутны сонголт бол онцгой жишээ биш харин ч түгээмэл чанартай юмаа. Дунд сургуульд Даваа гариг бүр Хятадын төрийн далбаанд ёслож, Хятадын төрийн дууллыг дуулж өссөн нэгэн үеийхэн ч өөрийгөө Хятад биш гэж үзэж байгаа гэдэг бол монголчуудын зүрх хятаджаагүй, монголоороо байгаа гэснийг харуулж байгаа юмаа.
Өвөрмонголын эсэргүүцэл эрчимтэй байж чадахгүй байгаагийн нэг шалтгаан бол эх орон минь хэт битүүмжлэгдэж, хаагдмал орчинд байгаагийнх юм. Бодитойгоор хэлбэл, үнэн зөв мэдээлэл авч чадахгүй, гадагшаа гарч ертөнцийг харж чадахгүй байгаа явдал юм. Нэг улс нэг үндэстэн гадаад ертөнцтэй холбоо харилцаа тасарвал мөхөж, холбоо харилцаатай байвал сэргэн манддагийг түүх гэрчилнэ. Иймд дундад зуунд Мин улс манийг хэдэн зуун жил оньсолж, дараа нь Манж бас биднийг адил хугацаагаар ертөнцөөс салгав. Япон үүдээ нээгээд дэлхийн хүчирхэг гүрний эгнээнд хөл тавьсан, Хятад ч үүдэндээ завсар гаргаад наяад оноос хойш муугүй хөгжиж байна. Харин Төвд, Өвөрмонгол, Уйгарыг битүү бөглүү байлгах хаалттай бодлого хатуу явуулж байна. Одоо Төвд, Уйгарт гадаад паспорт олгохоо бараг больжээ. Өвөрмонголын хэрхэн битүүмжлэгдэж байгааг нь Ар Монголтой (Монгол улс) харьцуулан тодорхой мэдэж болох юм. Монгол улсын иргэд дэлхийгээр тархаж байна. Юм үзэж нүд тайлж байна, буцаж очоод эх орноо бүтээн байгуулж байна. Ийм боломжийг Хятадууд бидэнд олгохгүй.
Баярлууштай нь манай 10 мянга гаруй залуус (тодорхой бус тоо ба Өвөрмонголын хүн амтай харьцуулбал маш бага тоо юм) Япон улсад сурч ажиллаж байна. Эдгээр хүмүүс Өвөрмонголд шинэ үзэлт шинэ санааг авч очсоноор Өвөрмонголд шинэ хувиралт эргэлтийг авчирна гэж би хувьдаа үзэж байна. Дэлхийн 2-р дайнаас өмнө цөөн тооны хүмүүс Японд сурч дараа нь тэд Өвөрмонголын нийгэмд ямар их нөлөө үзүүлснийг бид мэднэ. Өнөөг хүртэл тэдний шавийн шавь нар эл ажил төрөлд гол хүчин болон ажилласаар байна. Ян Хэй Ян профессорын “Ор мөргүй хядлага” номонд гардаг “Япон сэлэм сүйрсэн харийн чөтгөр” одоо хэдэн зуу биш хэдэн мянга түм боллоо гэсэн үг.
Нэг зүйлийг бид олж харах ёстой. Колоний гинжнээс салсан улс орны олонхи нь тухайн колончлогчдын өөрийнх нь өөрчлөлт хувиралтаас болж эрх чөлөөгөө олсон байдаг. Мэдээж энэ нь эрх чөлөөгөө хүлээж сууна гэсэн санаа биш. Магадгүй Хятадад эргэлт гарах үед манай байдал Төвд Уйгараас гайгүй байж мэдэх юм. Өвөрмонголд боловсролтой хүмүүсийн хувь нилээд өссөн нь эерэг элемент болж болно гэж би бодно. Мөн монголчууд бидэнд тусгаар тогтносон нэгэн улс байгаа нь дээрх хоёр улсаас давуулаг тал юм.
Ойрын хэдэн жил Хятадыг эсэргүүцэх тэмцлийн хошуучлагчийн үүргийг малчид гүйцэтгэж байна. 2011 оны баатар Мэргэний үйл хэргээс энэ жилийн Урад, Эзнээ нутгийн малчдын эсэргүүцэл үүнийг бэлээхэн гэрчилж байна. Өнөөгийн Өвөрмонголын сэхээтний давхарга муу ажиллаж байна. Өндөр дарамттай агаад өөх чихэр үмхсэн учир дуугаа хурааж, малчдын арын эгнээнд жагссан сэхээтний давхарга нэг л өдөр өөрчлөгдөнө гэж би найдаж байна. Тэд өөрсдийнхөө хожиж завшиж байгаа юмыг өөрсдийнхөө алдаж байгаа зүйлээс хамаагүй хол зөрүүтэй зүйл гэдгийг нэг өдөр л ухаарах болно. Тэр цагт манай эсэргүүцэл үндэстнийг бүхэлд нь хамарсан шинжтэй болох юм.
Хилийн гаднах сөрөг хүчний талаах хэдэн үг хэлье. Манай эгнээ тэлж байна. Тэлж л таарна. Энэ бол жам ёс. Гэвч бид зөв ажиллах арга замтай байж амжилтанд хүрнэ. Ардчилал эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа бол ардчиллын дүрэм зарчмаар ажиллах нь зөв сонголт юм. Ноднин Тайпэй хотод Өвөрмонголын сөрөг хүчний гол хүмүүс цугларч “Тайпэйгийн санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ санамж бичигт “ил тод байх” ажиллах дүрмийг санаачилсан юм. Ил тод байх нь сөрөг хүчний эгнээг эрүүл байлгах, эрүүл зөв хөгжин дэвших байлгах нэгэн баталгаа хэмээн би үзэж байна. Зарим асуудал дээр бид хэнд ч санал сануулга өгч зөвлөлдөж болно. Алдаа дутагдлаа засч залруулж байж шинэ амжилтанд хүрнэ. Ингэж хийх нь үндэстний эрх ашигт нийцнэ. Бодитой ажил хийхийг эрхэмлэж өөрийн нэр хүнд, хувийн байгууллага, туг далбаагаас илүүтэйгээр үндэстнийхээ эрх ашгийг дээдлэхийг бодох хэрэгтэй. Ажлыг бага гэж бодолгүй багаас нь гардаж ажиллъя. Бид хаана очиж юу хийсэн ч манай эх орон Өвөрмонголоосоо салж сэтгэж болохгүй. Манай үйл хэргийн гол зорилт хэзээд Өвөрмонгол байх ёстой.
Уулзалтыг зохион байгуулсан Кансай орон дахь Япон Өвөрмонголын эв нэгдлийн холбооны Котаки Торо тэргүүтэй хамт олонд, Токио дахь “Нутаг” чуулганыг үүсгэн явуулсан Э. Хувьсгалт, С. Баяр нартаа талархал дэвшүүлье.
Та бүхэнд амжилт хүсье
2014 оны 4 сарын 27-ноос 4 сарын 29-ний өдөр
Хөрвүүлэлт: В.Чимгээ
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.