Өвөр монголд монгол бичиг үлдэж байсны цаад нууц
/ Түүхийг эрүүл ухаанаар ойлгох нь / (2)
Б.Түмэн-Өлзий
Бямбын Ринчен гуай Мао зедунд захидал бичиж монгол бичгийг Өвөр Монголд үлдээхийг хүссэнээс Өвөр Монголчуудын бичгийг сольсонгүй гэдэг нэг ёсондоо Б.Ринчэн гуай монгол бичгийг аварсан домог монгол нутагт өргөн тархжээ.
Өргөн тархсан болохоор өч дөчөөн хувилбартай болох нь тэр. Түүний нэг д , Ар Монгол бичиг үсгээ сольсон учраас Өвөр Монгол ч солино доо гэсэн ойлголт аяндаа хүмүүст төрөх нь зүйн хэрэг юм. Ийнхүү Монгол бичиг устгагдах аюул нүүрлэсэнд өвгөн эрдэмтэн үзэгээ шүүрэн авч Хятадын даргад захиа довтолгожээ.
Мэдээжийн хэрэг “ бидний монголчууд болон нийт хүн төрөлхтний соёлын өв ” гэхчилэн татласан л байх аа. Домогт цаашаа өгүүлэх нь энэрэнгүй царайтай Мао Монголын их эрдэмтэний захидлыг уншаад Өвөр Монголын бичгийг сольж болохгүй, хэвээр үлдээ гэж зарлиг буулгажий -- Монгол бичиг аврагдав.
Энэ домогийн талаар миний эргэлзээ төрдөггүй ганц зүйл бол их эрдэмтэн Б.Ринчэн гуай Маод Өвөр Монголд монгол бичигийг үлдээхийг гуйсан захиаг үнэн бичсэн байх шүү. Бичихгүй суусан бол бидний сэтгэл дэхь Б.Ринчэн биш болно.
Үүнээс бусад зүйлд би бүр итгэхгүй . Итгэхгүй байх шалтгаан нь доорх мэт .
Нэг. Маогийн хувьд Б.Ринчэн гэж хэн вэ ?
Б.Ринчэн гуай Монголчууд бидний хувьд богд эрдэмтэн мөнээс мөн. Харин Хятадын хаан Маод бол зүгээр л нэг цагаан сахалтай монгол өтгөс, өөрөөр хэлбэл хэн ч биш гэсэн үг.
Нэмж хэлэхэд Б.Ринчэн гуайн захиаг Хятадаар орчуулаад “Монголын номер нэг эрдэмтнээс ирүүлсэн юм ” гэсэн тайлбар бичээд Маогийн ширээнд өргөн барьсан гэж ургуулан бодьё. Тэгвэл байдал улам бүр буруу тийшээ эргэнэ. Яагаад гэвэл Мао насан туршдаа эрдэмтэн сэхээтэнд заналхийлсэн гажиг сэтгэлтэй нэгэн шүү дээ. “Хүн эрдэм мэдэлгтэй болохоор тэрслүү болдог” нь Маогийн сайн, муу алдарт үгсийнх нь нэг болж хоцорчээ.
Хятадын Цин ши хуан (МЭӨ 259-210 он) хаан гэгч, эрдэмтэн хийгээд ном бичгийг хорвоогоос арчих оролдлого хийсэн , өөрөөр хэлбэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд бий. Мао өтөл насандаа “би Цин ши хуанийг ч давсан” гэж өөрөөрөө бахархаж байжээ. Маогийн хийсэн “ соёлын хувьсгал ” гэдэг нь хэрэг дээрээ соёл хийгээд соёлтой хүмүүсийг устгах хувьсгал байсан юм.
Ийм хүн Б.Ринчэн гуайн үгийг сонсох уу?
Мао Б.Ринчэн гуайн захиан дээр “ Өвөр монголд монгол бичигийг үлдээн хэрэглэхийг зөвшөөрнө ” гэж цохьсон байлаа гэхэд тэр нь Б.Ринчэн гуайн хүсэлтээс болсон биш, харин Монгол бичгийг үлдээх нь Хятадад ашигтай гэсэн тооцоо гарсан болохоор л тэр. Миний гол хэлэх гэсэн санаа минь энэ.
Хэрвээ Мао нэгэн Монгол настаний ятгалгыг сонсч Монголчуудад ашигтай бодлогыг тогтооход хүрвэл Хятадийн хаан биш болно. Цагаан хэрмийн наана, цаана гэж зүгээр ч нэг өмнөд, умардын ялгаа биш, идэх идэгдэхгүй байх тоглоомоор хэдэн мянган жил тоглосон талнууд шүү дээ.
Хоёр. Монгол бичиг Өвөр монголд үлдэж байсаны (2020 оноос “ байсан ” болж хоцоров ) ганц шалтгаан бол Монголчуудын тусгаар тогтносон хэсэг нь Уйгаржин монгол бичигээ кирил монгол бичгээр сольсон хэрэг юм. Монгол улс бичгээ солиогүй байсан ч Хятадууд хоёр Монголийг өөр өөр бичигтэй болгох гэж Өвөр монголын бичгийг солино хэмээн баттай хэлэх үндэслэл бидэнд үгүй. Гэвч Монголчуудын нэг хэсэг нь эхлээд бичгээ сольсон нь Хятадуудын хувьд Монголчуудыг адил бус үсэг бичигтэй болгох алтан боломж гарах нь тэр.
Тусгаар тогтносон улстайгаа адилхан бичгтэй болох гэсэн Улаанхүү нарын оролдлогыг Мао нар тас хориглон зогсоов. Бичиг нь нэг бол хэл нь нэг , хэл нь нэг бол сэтгэл нь нэг гэсэн ёс учрыг Хятадууд нүүдэлчдээс дутуу мэдэх ёсон үгүй.
Үнэндээ монгол бичгийг , Б.Ринчэн гуай биш, Мао ч биш , харин кирил бичиг аварсан ажээ.
Коммунист үзлээр цэнэглэгдсэн Хятадын удирдагчид Монголчуудыг түүхт үндэстнийх нь хувьд хүндэтгэж уламжлалт бичгийг нь зориуд үлдээсэн байж болно шүү дээ гэсэн таамаг Хятадууд өвөр монголчуудын кирилл үсэг сурах хандлагыг эрс хориглон зогсоосон бодит үнэнээр үгүйсгэгдэг юм. Өөрөөр хэлбэл Хятадууд монголчуудын эрх ашиг сонирхолыг харгалзан үзнэ гэдэг гонжийн жоо.
Хоёр Монголыг нэгэн бичигт нэгтгэсэнгүй нь Хятадын хувьд мэргэн шийдвэр байлаа гэдгийг Монголчууд бидний зүгээс харуулж эхэлжээ. Ар, Өвөрмонголын хэлний зөрүү жил тусам ихэсч байх нь бичиг өөр болсоноос шалтаалсан юм. Бусдын жишээн дээр харахад, хоёр хэл болж салах эхлэл тэнд тавигдсан байна.
Гурав. Б.Ринчэн гуай Өвөрмонголд монгол бичгийг хэвээр үлдээхийг гуйсан нь үнэн бол нэг үндэстэн, хоёр бичигтэй болохын хор уршгийг бодож олсонгүй, өөрөөр хэлбэл уг үйл хэргийг нийгэм улс төр талаас нь харж чадсангүй юм байна гэх гүехэн дүгнэлт хийж болох боловч суу билэгт эрдэмтэн маань Монгол улс хэзээ нэгэн цагт Оросын дарамтаас гарч Монгол бичгээ сэргээх эрхтэй болно гэж ирээдүйг зөгнөсөн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ бол уг домгийн жинхэнэ тайлж чадашгүй оньсого болж хоцорсон зүйл юм.
Эцэст нь хэлэхэд, энэ домгийг эхэлж сонсоход Б.Ринчэн гуайг магтаж байх мэт боловч нарийн бодвол Маог дуулж байгаа юм байна. Б.Ринчэн гуай бол зүгээр л нэг санаачлагч, харин Мао бол үлдээх шийдврийг гаргасан , зэрлэгүүдийг энэрсэн их ачит хаан аж.
2021/2/2 Тунгалаг эрги , USA
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.