Б.Түмэн-Өлзий
Өвөр Монголд Хятадын колоничлол маш урагштай амжилттай явагдаж байна гэж би үздэг. Ингэж хэлэхийн үндэслэл нь, өвөр монголчуудын зүгээс хурц хэлбэрийн эсэргүүцэл гэж бараг харагдахгүй, олон жил харагдсангүй. Яагаад вэ? Нууц нь хаана вэ? гэвэл уламжлалыг нь хадгалуулахаар ноёрхол буюу колоничлолоо халхалж чадсанд байна.
Би өөрийгөө колоничлогчийн байранд тавиад, нэг ард түмнийг колоничлоход юунаас хамгийн их айх вэ? гэж бодож үзсэн, олдсон хариулт нь бол: Тэр ард түмнийг “Эрх мэдлийг минь буцааж өг” гэж нэхэх. Харин “Би уламжлалаа хадгална, миний уламжлалыг битгий өөрчил” гэсэн шаардлага биш. Яг иймээс колонийн оронд, колоничлогч хийгээд колоничлогдогч – гал ус шиг харш хоёр тал нь уламжлалыг хадгалах, хадгалуулах гэдэг дээр зохих орон зай, зохих цагт гайхалтай санал нийлдэг аж.
Уламжлал гэдэг нь уламжлалт соёл, үзэл санаа, гүн ухаан, шашин суртахуун, урлаг, зан үйл гээд тухайн ард түмний үүдсэн, хэрэглээд он удсан оюуны буюу бодисын зүйлийг зааж буй. Тэр дотор өвөг дээдсийн агуу алдар гавьяа, бахархал, уугуул ёс заншил, цэвэр хэл гээд бүх гэрэл гялбаатай зүйл нь байдаг. Төрт улсаа алдаж, тусгаар тогтнолоос улам л холдож явах ард түмэнд өөрийг нь тайвшруулах, бахархлыг нь эргэн санагдуулах, согтоох ганц зүйл бол уламжлал нь байдаг аж.
Колони гэдэг ухагдхуун бол хэрэг дээрээ уусгах оролдлого хийх нэг тал, уусгагдахгүй гэх оролдлого хийх нөгөө тал, ийм л хоёр талын тэмцэлдээний явц юм. Эрх чөлөөний тэмцэлд зориглохоос өмнө, колоничлогдож байгаа ард түмний уусгагдахгүй байхын бүх эрмэлзэл нь уламжлалаа хадгалахад төвлөрдөг. Уламжлалаа хадгалах нь хайр сэтгэлийн илэрхийлэл төдийгүй дургүйцэл хийгээд эсэргүүцэл нь ч багтаж байдаг.
Колоничлогдож байгаа ард түмний төр улсаа санагалзах, эрх мэдлээ нэхэхийг нь яаж ийж байж мартуулъя гэсэн колоничлогчдод завшаан болох нь тэр. Уламжлалаа хадгалахыг нь зөвшөөрөх төдийгүй дэмжих царай гаргадаг. “Өвөр Монголын өөртөө засах орон” байгуулагдсан эхэн үед хүн, малыг зэргээр өсгөхийг зөвшөөрч байлаа. Хятадын засаг монгол хүн өсч үржих, баяжиж дэгжихийг хүссэндээ биш харин “өөртөө засах” нэрээр Хятадад албан ёсоор дагаар орсонд нь шагнаж үмхүүлсэн чихрийн хэмхдэсийн нэг нь тэр байжээ. Мал аж ахуй бол монгол хүний амин зуулга. Дайчин улсын колоничлолд 300 шахам жил тэлчилж, төрт улсын мөрөөдөл элэр балар болж эхэлсэн өвөрлөгчдөд “хамгийн гол юмаа алдсангүй” хэмээх төөрөгдлийг өгч байв.
Монголчуудад нэгэн “эцсийн шугам” байдаг. Тэр нь газар нутаг. Гаадаа мэйрэн бол нийтлэг жишээ. 1947 оноос хойш бэлчээр хадланг бүхнийг булааж авсангүй, бүгдийг нь үлдэж туусангүй болохоор “гол юмаа алдсангүй” гэх тооцоонд нь давхар нотолгоо болж байжээ. Мао Зэдун, Жоу Эньлай мэтэс монгол бичигт Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас илүү хайртай мэт домог зохиогдсон байдаг. Монгол бичгийг ханз, латинаар сольсонгүйн цаад учир нь бол монголчуудын тусгаар тогтносон хэсэг нь нэгэнт бичгээ сольж орхисноос болсон юм. Бичиг салбал соёл сална, соёл салбал угсаа сална гэдгийг ойлгож байсан Өвөр Монголын улстөрчид жараад онд кирилийг түгээмэлжүүлж эхэлснийг нь, хятадын засаг тас хорьсон байдаг. Бичиг нь нэг бол соёл нь нэг, соёл нь нэг бол сэтгэл нь нэг байдгийг тэд хэнээр заалгах вэ.
Үнэн хэрэгтээ уугуул иргэдэд зөвшөөрдөг уламжлал гээч нь колоничлогчдын шүүлтүүрээр нарийн шүүгээд үлдсэн хэсэг нь юм. Үүний үр дүнд уламжлалд гажиг үүсдэг. Нэг талаар монголчууд архидаж цэнгэх, нөгөө талаар хятад маймаачдын мөнгө хийх зуны найр, зүйл бүрийн тахилга ямар их хөгжөөнтэй байгаа билээ. Зарим хошуу засгийн ордны өмнө гал тахих тагт байгуулж ноёд ихэс дагуулан нийтээрээ гал тахьдаг болжээ. Бараг айл, гол болгон овоо босгосноос гадна ойрын жилээс ургийн овоо тахих шинэ агуулга нэмэгджээ. Монголчуудыг манж нар сүм рүү хумьдаг байсан бол хятадууд овоо, найр тийш залдаг болжээ.
Уламжлалд тухайн үндэстнийг тодорхойлох, зөвхөн тэдэнд харьяалагдах, амин сүнс нь гэж хэлж болох хэсэг байдаг. Жишээ нь, монгол хүний хэл хийгээд бичиг. Бусдаас хүлээн авсан буюу бусдад бас байдаг, амин сүнсийнх нь “хальс” болсон хэсэг ч байдаг. Энэ хэсэг нь дэдлэх байранд орно. Жишээ нь, Буддын шашин, нүүдлийн соёл иргэншил нь Ази, Африк, Европт бүр байдаг. Колонийн оронд, дэдлэх байранд харьяалагдах уламжлалыг хавтгайруулах нь амин сүнс болсон уламжлалыг нь устгахад халхавч болгосон байдаг. Жишээлбэл, Өвөр Монголд сүмд мөргөж болно, сүм барьж болно. Зунаас намар болтол наадам хийж болно, монгол тэрлэг өмсч болно, монгол тэрлэг өмсөөд морь унаад Хөххотын гудамжаар довтолгосон ч болно. Гэвч гагц албан бичигт гарын үсгээ монголоор зурж болдоггүй. 1947 оноос Өвөр Монголын хэмжээний нэг ч хурлыг монголоор хөтөлж явуулж байгаагүй юм. Энэ бол тохиолдлын биш, нөхцөл боломжийн ч асуудал биш. Эдгээр бол хятад хүний улсын “эцсийн шугам”.
Өвөр Монголын эрдэм шинжилгээ гэгчийг мөн л уламжлал гэдэг ганц үгээр хураангуйлж болно. Уламжлалыг л судалж болдог гэсэн үг. Колони засаг нь, ерөнхийдөө ардын аман зохиол, эртний түүх, зан үйл, нүүдэл малжил гэх дөрвөн сэдвийг зөвшөөрдөг. Ардын аман зохиолыг арав хорин дэвтэр эмхэтгэгсэд мундахгүй. Түүх бол хэдий эртнийх бол төдий сайн. XIII зуунаас өмнөш бол бүр сайн. Зан үйл бол мэдээж хэдий нарийн хэдий хүн мэдэхгүй зүйл бол төдий сонин содон. “Монгол хүний унгах соёл” гэж гараагүйгээс бусад зан үйлийн эмхэтгэл бүр бүрдсэн. Нүүдэл малжил бол яахав, нүүх газрыг чинь эзэлж, маллах малын чинь хотыг хураалгаснаас хойш дурсамжаа бичиж л байг гэж байгаа юм байлгүй. Мориор жишээлэхэд, говийн өмнө морины мөр тасраад морины соёл судлагч нь тал нутгийг бүрхжээ. Дээрх дөрвөн агуулгаар бүтээл туурвисан хүмүүстээ доктор, профессор, алдарт, их гэхчлэн элдэв алдар жинс зүүлгэж, онц заримд нь “Төргүй ард түмний төрийн шагнал” гэгч доромжлолын цаасан малгай зүүлгэнэ. Тэгээд тэдний доторх сагсуу нэг нь “Би Өвөр Монголын сүнсийг ахиж төрүүлсэн” гэж ум хумгүй онгирно.
Уламжлал болгоныг эрхэм дээд гэж үзэх нь алдаштай юм. Уламжлал болгоныг тухайн үндэстэн бүрэлдэхэд байсан шиг үзэх, шинэчлэгдээгүй шиг үзэх нь буруу юм. Манжийн эзлэгчид хятад эр хүнд тав гэзэг засч, боолдоо тэмдэг тавьжээ. Хэдэн зуун жилийн дараа хятадууд тав гэзгийг амьтайгаа холбож, хайчлуулсан зарим нь худагт харайж үхэж байлаа. Сүмс устай хоолыг таван хуруугаараа базаж иддэг заншилтай ард түмэн одоо ч байгаа, хэрэв тэднийг “ингэж идэхээ болиоч!” гэвэл “таван хурууг минь хэрч” гэх байх.
Одоо уламжлалын эсрэг талыг ярья. Уламжлалын эсрэг тал бол орчин үежилт. Орчин үежилт гэж машинчлалт хийгээд амьдралдаа данслахыг л хэлдэг биш харин ардчилал, хүний эрх тэргүүтэй хүн төрөлхтөний шинэ үзэл санаа, оюуны хийгээд бодисын бүх дэвшилт соёлыг иж бүрнээр нь хүлээн авахыг хэлдэг. Уламжлалыг хэт чухалчилж ард иргэдийг зөвхөн уламжлалын халууралд байлгах нь орчин үежилтээс холдуулж, орчин үежилтээс тасрахад хүргэдэг. Өвөр Монголд шинэ зүйл болгон хориотой байдгийн чухам учир энэ.
Англи, Америктай харьцуулж ярьвал хүмүүс хүлээж авахгүй байх. Хамгийн ойрхон, угсаа соёл нэгтэй Монгол улстай харьцуулж харъя. Монгол улсад зохиолын дуу, поп дуу, драм, балет гээд шинэ эриний шинэ агуулгатай урлаг өрнөнгүй хөгжиж байгаа бол бидэнд Өвөр Монгол янгуу гэмээр андай, хэн ч сонирхохгүй хуурын үлгэр, Б.Түмэн-Өлзий ч бараг бүгдийг нь дуулчихмаар хэдэн зуун ардын дуу. Монгол улсын бөхийн зодог олон улсын түвшинд хүртэл шинэчлэгдсэн байдаг. Гэтэл Өвөр Монгол бөхчүүд бас л хуруу зузаан ширэн зодог, майхан босгомоор том тоохуудаа баглагдаж ноцолдсоор. Эдгээр бол жижиг сажиг зүйл огт биш харин бүхэл бүтэн оюун санааны дүр байдал юм. Орчин үежилтээс тасарсан үнэн зураг юм.
Колоничлогдож байгаа ард түмэн уламлжлалд шигдэх тусмаа “уламжлалыг хөндвөл даруй мөхнө” гэсэн айдастай болдог. Колоничлогдож байгаа нөхцөлд энэ нь үнэний хувьтай гэдэг ч үндэс угсаа оршин тогтнохын жинхэнэ гарц болох эрх чөлөө гэдэг эрхэм зүйлийг мартаж орхисон үед л ийм гаж сэтгэхүй тогтдог юм. Ардчилал, хүний эрх бол орчин үежилтийн цөм болох зүйлс. Ардчилал, хүний эрхийн ойлголтын талаарх ар, өвөр монголчуудын зөрөө нь хүмүүсийн санаа алдаад байдаг Замын-Үүд, Эрээний хөгжлийн зөрөө гэгчээс мянга дахин илүү. Ямар сайндаа Улаанбаатарт явж ирсэн өвөрлөгч болгон: - Дарга нар нь өдөр бүр дяньши дээрээ хэрэлдээд, муухай! гэж ундууцах вэ. Энэ дүгнэлтийн цаана, “Бид ямар гоё вэ, жүши гараа зангалаа, бид дэвшлээ” гэх коммунист бахархал нь цухалзаж байдаг. Коммунист бол орчин үежилтийн эсрэг байдаг. Их дайны дараа коммунист биш орнууд л орчин үежилтэнд хүрч чадсан байдаг. Колоничлол хийгээд коммунист тогтолцоонд давхар гавлагдсан ард түмэн ардчилал, хүний эрхийн талаарх мэдлэгээр таг байх нь ойлгоход хүчир зүйл биш.
Уламжлалаа сахихад эрсдэлгүй, харин эрх чөлөөг хөөцөлдөх нь эрсдэлээр дүүрэн байдаг. Ийм ч учраас уламжлал гэдэг хүчит дарсанд дэвтэж, согтож, мэдээ тасарсан ард түмэн эрх чөлөөг хөөцөлдөхийг бүү хэл, гэдэргээ үзэн яддаг. Тэд уламжлалаа сахьсаар унтрах сонголтыг хийхээс биш эрсдэлтэй орчин үежилт тийш урагшлах сонголтыг хийхгүй. Энэ бол колоничлогчдын хүсэн хүлээж байсан үр дүн. Энэ үр дүнд хүргэхийн төлөө тэд олон жил олон талаар ажиллажээ.
Колоничлогчдын колоничлолын эхний шатанд өөрийн төлөөний хүнийг хүмүүжүүлэн гаргаж, колоничлолын гүнзгийрэлтэд тэднийг хошууч цэрэг болгон ашигладаг. Тодорхой хэлбэл, улалмжлалыг хадгалахад гавшгайлсан хүмүүсийг үндэстний баатар болгон шууж, хүн тэргүүтний хүрч болох хамгийн дээд зиндаа мэт сурталчилдаг. Тэдгээр гавшгайчууд колоничлогдож байгаа өөрийн ард түмний дунд “уламжлалын дархан хамгаалагч, соёлын сод зүтгэлтэн”-ээр хүндлэгдэхийн зэргээр юу чадаж, юуг сонирхсон ч эрх чөлөөг сонирхохгүй гэдэг мессэжийг колонийн эзэдтээ тодорхой өгч чадсанаас колоничлогчийн цацар майхны үүдэн хавьд цагариглаж, боолын эгнээний хамгийн дээд суудалд зүй ёсоор залардаг. Түрүүхэн дурдсан эрдэмтэн судлагчид гэдэг бол яг ийм хүмүүс. Дуучид гэхэд, Өвөр Монголын том дуучин хэмээгдсэн болгон заавал нэг бадгийг нь хятадаар дуулдаг нь санаандгүй дуулаад байгаа биш, утгыг нь ойлгуулах гээд орчуулж дуулаад байгаа ч биш. Тэд бол хоёр толгойтой морь унасан баатрууд юм. Морин хуур золдоо хятадаар дуугарч чадахгүй, чаддаг байсан бол Чи.Булаг тэргүүтэй их бага золбингууд ядахдаа хоёр аясын нэгийг нь хятадаар хөглүүлэхгүй гэж байна уу.
Эсрэгээр эрх чөлөө хүний эрхийг мөрөөдсөн хүмүүсийг шууд шорон руу ачдаг. Тэд уламжлалын лаг шавраас хөлөө сугалж, орчин үежилтийн торгон хормойноос шүүрэх гэснийхээ төлөө хатуу цээрлэлд өртөх нь тэр. Үүний нийтлэг жишээ нь, Өвөр Монголын үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний бэлгэдэл Хад гуайг насаар нь хорих нь илт байна. Түүнийг хуулийн байгууллага биш, колонийн тахарууд шууд биечлэн хорьж тамалж байгаа. Энэ хорвоод өдөр бүр хуучин юм мөхөж, шинэ юм буй болж байдаг. Шинэчлэлээс түдгэлзсэн болгон хуучирж, хуучин юмны овоонд хоцорч, мөхөж дуусдаг. Үндэс угсаа ч адилхан, шинийг шингээж авч чадсан ард түмэн дараа дараах зууны нарны биеийг харж, зөвхөн уламжлалд шигдэж, орчин үежилтээс татгалзсан ард түмэн тос нь дууссан зул бөхөх шиг унтарч эцэслэдэг.
# Америкийн Нэгдсэн Улсын Нью-Жерси мужийн Принстонд болсон Өвөр Монголын хүний эрхийн асуудлыг ярилцах хурал дээр хийсэн илтгэл. 2018.6.9
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.